Үл эвдэх сорилын Монголын нийгэмлэг үүсгэн байгуулагдаад 23 дахь, ажилтны баталгаажуулалтын байгууллагаар итгэмжлэгдсэн арав дахь жилтэй золгох гэж байгаа энэ үед үл эвдэх сорилын үйлчилгээ үзүүлж байгаа бүх ажилтан, байгууллага, компаний хамт олонд 2022 оны халуун мэнд дэвшүүлье.
Улиран одож байгаа онд хамгийн олон ажилтан ур чадварын түвшин ахисан, шинээр итгэмжлэгдсэн байгууллагын тоо өсөн нэмэгдсэн, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулахын тулд ҮЭСМН удирдлагын бүтэцдээ олон талын оролцоог хангасан зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, дүрэмдээ MNS ISO/IEC 17024:2014 стандартыг заавал мөрдөх, MNS ISO 9712:2019 стандартыг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн өөрчлөлт оруулж шинэчилсэн бүртгэлд хамрагдсан зэрэг бахдам амжилтаар хуучин оноо үдэж байна.
Ирж байгаа шинэ он, бар жилд та бидний хүрсэн түвшинг сорих МГТБ Үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэх ба бид “Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай хүчтэй” гэсэн монгол ардын хэлц үгийг санаж энэ төсөлд хамтран ажиллах нь монголын үл эвдэх сорил олон улсын түвшинд дэвшин гарах суурь тавигдах билээ.
Үндэсний тусгаар тогтнол, төрт улсаа сэргээн мандуулсаны 110 жилийн ойг ажлын хамт олон, ам бүлээрээ сайхан тэмдэглэхийг хүсэн ерөөж байна.
ҮЭСМН-ийн Ерөнхийлөгч Б.Түмэндэмбэрэл
Улаанбаатар хот
2021 оны 12 дугаар сарын 29.