Тэргүүн үг

Эрхэм ноёд хатагтай нар аа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэх ялдамд нийгэмлэгийнхээ хөгжлийн хүрсэн хүрсэн түвшинг цухас дурдъя. Үл эвдэх сорилтын монголын нийгэмлэг (ҮЭСМН) нь 1999 оны 4 сарын 23-ны өдрийн санаачлагч 20 хүн оролцсон хурлаар, нийгэмд үйлчлэх ашгийн төлөө бус олон нийтийн байгууллагын статустай байгуулагдаж хоёр арван жилийг ардаа орхижээ. Аж үйлдвэр дэх чанарын шалгалтын энэ технологийн хөгжлийг олон улсын жишигт хүргэхэд дөхөм байлгах, энэ зорилгод мэргэжилтэн, инженерүүдийн хүч боломж, оюуны нөөцийг дайчлан зохион байгуулах, ажилтны боловсрол, мэргэшлийн олон улсын түвшинд хүрсэн тогтолцоог бүрдүүлэх зорилт тавьж ажиллаж эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд ҮЭС-ийн радиографи, хэт авиа, шингэн нэвчүүлэх, соронзон, цахилгаан соронзон болон бусад аргуудад холбогдох 40 шахам олон улсын стандартыг үндэсний стандарт болгон эрчим хүч, нисэх, төмөр зам, барилгын салбарууд дахь хэрэглээг стандартчилж үл эвдэх шалгалтын ажил олон улсын стандартын түвшинд хийгдэх нөхцөл бүрдүүлэв. Үүнд “ISO 9712-Үл эвдэх сорил – Ажилтаны мэргэшүүлэлт ба баталгаажуулалт” стандартыг бүрэн нэвтрүүлсэн явдал маш чухал түлхэц болсон ба тус нийгэмлэг 2012 оноос улсдаа анхны ажилтаны баталгаажуулалтын итгэмжлэгдсэн байгууллагаар ажиллаж байна. Өнөөдөр МИАТ ТӨХК-ны Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар, ДЦС-4 ТӨХК-ны Метал судлал гагнуурын лаборатори, Lynux LLC, DTU LLC, NDT&D LLC, Металл Тест ХХК зэрэг төрийн өмчит болон хувийн өмчит байгууллага компанид ҮЭС-ийн бизнес ба сургалт олон улсын стандартын түвшинд явагдаж байна. Энэ амжилтад хүрэхэд анхны тэргүүнээр 2006 он хүртэл ажиллаж байсан Ж.Ганзоригийн (Цөмийн энергийн комиссын дэд дарга асан) мэргэн удирдлага, ШУТИС-ийн Инженер-физикийн ангийг энэ мэргэжлээр төгссөн анхны үндэсний мэргэжилтнүүдийн дэмжлэг оролцоо шийдвэрлэх үүрэгтэй байсныг бахархан дурсахад таатай байна. Монгол улсад аж үйлдвэрийн аль ч салбар, түүний дотор атомын эрчим хүчний үйлдвэр баригдсан ч үндэсний мэргэжилтнүүд бүтээн байгуулалтад гар бие оролцож улс орны хөгжүүлэхэд бэлэн байна.

ҮЭСМН-ийн тэргүүн Б.Түмэндэмбэрэл, доктор(Ph.D.), дэд профессор